БНХАУ-ын күнзийн тэтгэлэгт хөтөлбөр

Хүмүүнлэгийн дээд сургууль, БНХАУ-ын Харбины багшийн их сургуультай 6 дахь жилдээ хамтран ажиллаж байна. Харбины Багшийн Их Сургууль нь (Harbin normal university HRBNU) 1951 онд байгуулагдсан. Хятад улсын боловсролын яамны дээд түвшний сургалт судалгааны магадлан итгэмжлэлт “Шилдэг Сургууль” бөгөөд сургалт эрхэлсэн урт удаан хугацааны түүхтэй сургууль юм. Мөн Хэй Лун Жиан мужийн боловсрол, урлаг, хүмүүнлэг нийгмийн шинжлэх ухаан болон байгалийн шинжлэх ухааны гол эрдэмтдийг бэлтгэдэг шинжлэх ухааны гол судалгааны бааз юм.

Харбины Багшийн Их Сургууль нь нийт 25 факультеттай (сургууль) бөгөөд бакалаврын түвшний 80 мэргэжил, магистрын зэрэг олгох 104 мэргэжил, докторын зэрэг олгох 24 мэргэжил, докторын дараах судалгаа шинжилгээний 6 хөдөлгөөнт баазтай. Тус сургуулийн өдрийн ангид одоогоор бакалавр, магистр, доктор нийлээд 43000 оюутан амжилттай суралцаж байна.Хамтын ажиллагааны хүрээнд 2020-2021 оны хичээлийн жилд ХИС-ийн харьяа Хүмүүнлэгийн дээд сургуулийн хятад хэлний багш мэргэжлээр суралцаж буй I-IV курсийн оюутнуудыг БНХАУ-ын Күнзийн 100%-ийн тэтгэлэгт сургалтанд хамруулж байна. Энэхүү сургалтыг Харбины багшийн их сургуулийн гадаад оюутнуудад олон жилийн турш хятад хэл заасан чадварлаг багш нар цахим хэлбэрээр зохион байгуулж байна. Мөн суралцагсдыг хятад хэлний түвшин тогтоох шалгалт (HSK)-д энэ оны 1 сард 100%-ийн хөнгөлөлттэйгөөр хамрууллаа.